Зүүн Азийн шилдэг волейболчид наймдугаар сард Улаанбаатарт өрсөлдөнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнийг ирэх сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор болох уг тэмцээнд бүс нутгийн шилдэг шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцоно. Ингэснээр Монголын үзэгчид Зүүн Азийн өндөр түвшний волейболын тоглолтуудыг эх орондоо үзэх боломжтой болж байна.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнийг олон улсын стандартын дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Тэмцээн болох зааланд зориулалтын төхөөрөмж, гэрэлтүүлэг, дуу, дүрсний өндөр чанарын шийдэл бүхий орчин бүрдүүлж, иж бүрэн тохижилт хийсэн байна.

Мөн тамирчин, шүүгч, албаны төлөөлөгчдийн байр, тээвэр, аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ болон үзэгчдэд зориулсан үйлчилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь Монгол Улс бүс нутгийн хэмжээний спортын томоохон арга хэмжээг хүлээн авах чадамжаа харуулах чухал боломж болж байна.

Тэмцээний гол мэдээлэл:

  • Огноо: 2026 оны наймдугаар сарын 5-9
  • Байршил: Улаанбаатар хот
  • Оролцох багууд: БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макао
  • Ивээн зохион байгуулагч: УИХ-ын дарга С.Бямбацогт
  • Төрөл: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн

Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээнд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэлээ эхлүүлээд байна. Гадаадын мэргэжлийн лигт тоглодог Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн нь багийн хүчийг нэмэгдүүлэхээр байна.

Харин Монголын шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг тэмцээний өмнө албан ёсоор зарлах аж. Дотоод, гадаадын туршлагатай тоглогчид нэгдэж буй нь талбайн эзэн багийн тоглолтод өндөр хүлээлт үүсгэж байна.

Монголын Волейболын холбооны мэдээлснээр уг тэмцээнийг амжилттай зохион байгуулах нь цаашид Азийн болон дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг эх орондоо хүлээн авах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын волейболын нэр хүндийг олон улсад өсгөх ач холбогдолтой гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй