Кенийн холын зайн гүйлтийн тамирчин Агнес Нгетич эмэгтэйчүүдийн хагас марафонд шинэ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр Копенхагенд болсон замын гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21.1 км-ийн замыг хурд хөтлөгчийн тусламжгүйгээр 1 цаг 5 минут 15 секундэд туулсан байна.
Ингэснээр Нгетич өмнөх рекордыг ердөө нэг секундээр шинэчилжээ. Тус үзүүлэлтийг түүний нутаг нэгт Перес Жепчирчир 2020 оны аравдугаар сарын 17-нд 1:05:16 амжилтаар тогтоож байсан юм.
Хурд хөтлөгчгүй төрөлд шинэ дээд амжилт гарав
Хагас марафоны зарим уралдаанд тамирчдын хэмнэлийг тогтвортой байлгах зорилгоор пейсмейкер буюу хурд хөтлөгч ашигладаг. Харин энэ удаагийн амжилт ийм туслалцаагүй нөхцөлд бүртгэгдсэнээрээ онцлогтой байна.
Пейсмейкер нь дунд болон холын зайн уралдаанд тодорхой хурдыг барин бусад тамирчны урд гүйж, төлөвлөсөн хугацаандаа барианд ороход нь хэмнэл тогтоож өгдөг гүйгч юм. Жишээлбэл, хагас марафоныг 1 цаг 5 минутад туулах зорилготой тамирчин хурд хөтлөгчийн тогтсон хэмнэлийг дагаж уралдаж болно.
10 км-ийн төрөлд ч түүхэн амжилтууд гаргаж байв
Өдгөө 25 настай Нгетич өмнө нь 10 км-ийн замын гүйлтээр дэлхийн анхаарлыг татаж байсан тамирчин юм. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сард Испанийн Валенси хотод болсон холимог 10 км-ийн уралдаанд 28 минут 46 секундийн амжилт гаргажээ.
Ингэснээр зам болон цэнгэлдэхийн 10 км-ийн төрлүүдийг 29 минутаас дотогш хугацаанд туулсан түүхэн дэх анхны эмэгтэй тамирчин болсон байна. Үүний дараа 2025 оны дөрөвдүгээр сард эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд 29 минут 27 секундээр дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.
Копенхагенд үзүүлсэн шинэ амжилтаар Нгетич урт зайн төрөлд ч дэлхийн рекорд эзэмшигчдийн эгнээнд бичигдлээ.
