Путин Украины дайны асуудлаарх дараагийн хэлэлцээнд Европыг оролцуулахыг зөвшөөрсөн гэж АНУ мэдээлэв

0 comments 3 үзэлт
Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох асуудлаарх олон улсын хэлэлцээний дараагийн шатанд Европын орнуудыг оролцуулахыг зөвшөөрсөн талаар АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын төлөөлөгч Жаред Кушнерийн хамт Оросын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа энэ тухай мэдээлсэн байна.

АНУ-ын зуучлалаар энэ долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабид зохион байгуулсан гурван талт хэлэлцээний дараа уг уулзалт болжээ.

Абу Дабигийн хэлэлцээгээр олзлогдогсдыг солилцохоор тохиролцжээ

АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид Абу Дабид уулзаж, дайныг зогсоох боломж болон талуудын байр суурийн талаар хэлэлцсэн байна. Гэвч байлдааны ажиллагааг зогсоох үндсэн асуудлаар тодорхой ахиц гараагүй гэж мэдээлжээ.

Харин Орос, Украины талууд дайны үеэр олзлогдсон хүмүүсийг харилцан солилцох тохиролцоонд хүрсэн байна. Москва, Киевийн төлөөлөгчид уулзалтыг бүтээлч уур амьсгалд болсон гэж дүгнэж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Путин Европтой хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлэв

Абу Дабигийн уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, Украины дайныг дуусгах дипломат үйл явцын талаар ярилцсан байна.

Уулзалтын дараа Виткофф Оросын Ерөнхийлөгч хэлэлцээний дараагийн шатанд Европын орнууд оролцохыг зөвшөөрснийг мэдэгджээ.

Путин мөн Украины асуудлаар Европын холбоотой хэлэлцэхэд Москва нээлттэй хэвээр байгааг илэрхийлсэн байна. Гэхдээ ОХУ болон Европын орнуудын хооронд саналын ноцтой зөрүү байгааг онцолжээ.

Тэрбээр “Европын тухайд гэвэл, би Европтой хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Яриа хэлэлцээг бидний тал тасалсан тохиолдол үгүй. Харин тэд л ОХУ-тай хэлэлцээгээ зогсоосон” хэмээн мэдэгдсэн байна.

Ийнхүү Абу Дабид болсон гурван талт уулзалтаар дайныг зогсоох үндсэн асуудлууд шийдэгдээгүй ч олзлогдогсдыг солилцох тохиролцоонд хүрчээ. Харин дараагийн хэлэлцээнд Европын орнуудыг оролцуулах боломжийн талаар АНУ-ын төлөөлөгч мэдээлсэн бөгөөд уг уулзалтын тов, оролцогчдын бүрэлдэхүүнийг хараахан тодорхойлоогүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй