“Xiaomi” компанийн үүсгэн байгуулагч Лэй Жюнь тус компанийн хүн дүрст роботууд автомашины үйлдвэрт анх удаа найман цагийн бүтэн ээлжинд ажилласан тухай дүрс бичлэгийг нийтэллээ. Энэ тухай БНХАУ-ын “The Paper” хэвлэл мэдээлэв.
“Xiaomi”-гийн мэдээлснээр уг машинууд ажлын байрны өдрийн нормоо бүрэн биелүүлсэн бөгөөд энэхүү туршилтыг бодит үйлдвэрлэлийн шугам дээр ажиллах чадварыг шалгасан анхны сорилт хэмээн нэрлэжээ.
Бичлэгийг эцсийн угсралтын цехэд хийсэн бөгөөд гол дүрд “CyberOne 02” загварын роботууд ажилласан байна. Хар, цагаан өнгөтэй хоёр робот автомашины төв консолын хажуугийн хавтангуудыг ангилан ялгах үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр нь хайрцагт замбараагүй байрлуулсан, жигд бус хэлбэртэй, том хэмжээний уян эд ангиуд бөгөөд робот хавтанг авч, эргүүлэн, угсрах шугамын хэмнэлээс хоцролгүйгээр конвейер дахь автомашины дарааллын дагуу тавиурын тохирох нүдэнд байрлуулах шаардлагатай байв.
Туршилтын ээлжийн туршид роботууд 3 цаг 2 минут болон 6 цаг 3 минут ажилласны дараа нийт хоёр удаа цэнэглэгджээ. Ээлжийн хоёрдугаар хагаст нэг робот хавтанг шалан дээр алдсан бөгөөд өөр нэг дугуйт робот түүнийг нь газраас авч өгсөн байна. Ийнхүү тэд нийт 8 цаг 5 минут ажиллаж дуусгажээ.
Үйлдвэрт хүн дүрст робот үнэхээр шаардлагатай эсэхэд эргэлзсэн хэрэглэгчдийн асуултад Лэй Жюнь хариулахдаа: «Энэ бол олон талт бүх нийтийн хүн дүрст робот юм. Түүний техник хангамжийг (hardware) тухай бүрд нь солих шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн ажлын байр, үүрэг даалгаварт уян хатан дасан зохицож чадна» хэмээн онцолсон байна.
Үүнтэй төстэй туршилтуудыг бусад компаниуд ч хийж байгаа бөгөөд тухайлбал “Figure 03” робот АНУ-ын Спартанберг дэх BMW-ийн үйлдвэрт, харин “AgiBot G2” робот БНХАУ-ын Наньчан хот дахь “Longcheer” таблетын үйлдвэрт ажиллаж байв.
Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC) гадаадад үйлдвэрлэсэн шинэ төрлийн хүн дүрст роботуудыг тус улсад нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан юм. Тус байгууллага уг алхмаа аюулгүй байдлын үүднээс хийсэн гэж тайлбарласан бол шинжээчид уг хоригийг дэлхийн зах зээлийн 85 хувийг бүрдүүлж буй Хятадын эсрэг чиглэсэн хэмээн үзэж байна.
