Бодибилдингийн тамирчин, цагаан хоолтон Тошисүкэ Каназава олон арван жилийн турш бодибилдингийн төрөлд өндөр амжилт үзүүлсээр иржээ. Тэрээр өндөр насыг зооглосон ч мах, загасны махнаас бүрэн татгалзсан хэвээр байна.
Өнгөрсөн наймдугаар сард 19 дэх цомоо хүртсэнийхээ дараа өдгөө 90 настай Японы тамирчин Испанид зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ниссэн тухай “Bild” хэвлэл мэдээллээ.
Тошисүкэ Каназава залуудаа авьяаслаг усанд сэлэгч байсан бөгөөд 20 наснаасаа бодибилдингээр хичээллэж эхэлжээ. Дөрвөн жилийн дараа тэрээр “Мистер Япон” хэмээх анхны томоохон цолоо хүртсэн байна. Улмаар 1967 онд өөрийн жингийн ангилалд “Мистер Юниверс” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилдээ сонирхогчдын цомыг хүртэж байв. Харин 34 насандаа спортынхоо оргилд хүрсэн гэж үзэн бэлтгэлээ зогсоосон ч 50 насандаа их спортдоо эргэн иржээ. Энэ үеэс эхлэн тэрээр өдөр тутмын хоол хүнснээсээ мах, загасыг бүрэн хассан байна.

Каназава сүүлийн 40 жилийн турш Японы ахмадын ангилалд ноёрхож, арав гаруй аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд өнгөрсөн наймдугаар сард болсон Японы аварга шалгаруулах тэмцээний 85-аас дээш насны ангилалд 19 дэх түрүүгээ хүртжээ.
93 насандаа ДАШТ-д дахин оролцох зорилго тавьжээ
Гэвч Японы тамирчин үүгээр зогсохыг хүссэнгүй, Испанид болсон IFBB-ийн Фитнесс болон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүртгүүлсэн байна. Тэрээр 50-аас дээш насны ангилалд өрсөлдөж, өөрөөсөө даруй 40 насаар дүү өрсөлдөгчдөөсөө ч өндөр үнэлгээ авч чадсан хэдий ч аваргын цомыг хүртэж амжаагүй аж.
Гэсэн ч тэрээр түрүүлж чадаагүйдээ огтхон ч сэтгэлээр унаагүй бөгөөд гурван жилийн дараа буюу 93 насандаа тус тэмцээнд дахин оролцохоор зорьж буйгаа зарлажээ. Тэрээр үлдсэн хугацааг биеэ нөхөн сэргээх болон эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
