Монголын мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний W2RC цувралын дөрөв дэх гараанд өрсөлдөхөөр Мароккод байна. Тэрбээр Агадир хотоос эхлэх Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаанд Rally3 ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
П.Мөрөн одоогоор Rally3 ангиллын улирлын нийлбэр дүнг 41 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Түүний араас Эдуардо Алан 40 оноотой бичигдэж байгаа тул аваргын төлөөх өрсөлдөөн ердөө нэг онооны зөрүүтэй үргэлжилж байна.
Аргентинд түүхэн амжилт үзүүлсэн
П.Мөрөн өнгөрсөн тавдугаар сард Аргентинд болсон Desafío Ruta 40 уралдаанд Rally3 ангилалд өндөр амжилт үзүүлжээ. Тэрбээр пролог болон таван үе шат бүрт ангиллаа тэргүүлж, W2RC-ийн нэг гараанд түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон байна.
Энэхүү амжилт нь түүнийг улирлын нийлбэр оноогоор тэргүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Одоо Мароккогийн гараанд тэр тэргүүлэгчийн байр сууриа хамгаалж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.
Rally3 ангиллын хүснэгтийн эхний хоёр тамирчны хооронд ердөө нэг онооны зөрүү байгаа нь Мароккогийн уралдааны үр дүнг онцгой ач холбогдолтой болгож байна. П.Мөрөн энэ гараанд өндөр оноо авбал улирлын төгсгөл рүү тэргүүлэгчийн байр сууриа улам бататгах боломжтой.
