Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жил анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулах 13 мянган морьтны нүсэр жагсаалд дэлхий даяар алдаршсан “Physical Asia” шоуны оролцогчид урилгаар оролцохоор боллоо.
Наадмыг үзэж сонирхоод морьтны жагсаалд нэгдэнэ
Шоуны оролцогчид Монгол Улсад хэдийнэ хүрэлцэн ирээд байгаа бөгөөд баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд саатан, дараах үйл ажиллагаануудтай танилцсан байна.
- Үндэсний их баяр наадмын нээлтийн сүрлэг ёслолын ажиллагааг үзэж сонирхсон.
- Хүчит 1024 бөхийн барилдааныг биечлэн үзэж, тус шоунд хамт оролцсон найз, шинэхэн Даян аварга Б.Орхонбаярыг дэмжсэн байна.
Түмэн морьтны жагсаал ба соёлын сурталчилгаа
Дэлхийн адууны өдрийн хүрээнд болох “Түмэн морьтны их жагсаал”-д оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс морьтон залуус цугласан бөгөөд тэдэнтэй хамт “Physical Asia” шоуны баатрууд морь унан жагсахаар албан ёсны урилгаа аваад байна. Энэхүү үйл явдал нь Монгол адууны өв соёл, нүүдэлчин ахуйг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулах юм.