Олон жилийн цуурхлын дараа Warner Bros. студи алдарт “The Matrix” франшизын тав дахь ангийг хөгжүүлж буйгаа албан ёсоор баталлаа. Collider-ийн мэдээлснээр, энэ тухай Warner Bros. Discovery-ийн шинэ санхүүгийн тайланд дурдсан байна.
Киноны нээлт хамгийн эртдээ 2027 оноос өмнө болохгүй төлөвтэй байна.
Төсөл хөгжүүлэлтийн эхний шатанд байна
2024 онд студи шинжлэх ухааны уран зөгнөлт алдарт цувралын үргэлжлэлийг бэлтгэж байгаа тухай анхны мэдээлэл гарч байсан. Тухайн үед зохиолыг “The Martian”, “Lost” цуврал болон “Project Hail Mary” бүтээлээр танигдсан Дрю Годдард бичиж байгаа гэж мэдээлж байв.
Warner Bros. Discovery-ийн шинэ тайланд дурдсанаар, төсөл одоогоор хөгжүүлэлтийн эхний шатанд байна. Кинонд найруулагч хараахан томилогдоогүй, үйл явдлын дэлгэрэнгүй болон үйлдвэрлэлийн төлөвлөгөө ил болоогүй байгаа аж.
Киану Ривз эргэн ирэх эсэх нь тодорхойгүй
Жүжигчдийн бүрэлдэхүүнийг ч мөн зарлаагүй байна. Тухайлбал, Киану Ривз Неогийн дүрдээ эргэн ирэх эсэх талаар баталгаа одоогоор алга.
Сүүлийн жилүүдэд Ривз “John Wick” цувралын ачаар маш завгүй байсан бөгөөд түүний хуваарьт дахин нэг том төсөл багтах эсэх нь тодорхойгүй гэж хэвлэлүүд тэмдэглэж байна. Гэсэн ч Warner Bros. төслийг албан ёсоор тайландаа оруулсан нь студи зарим гол асуудлыг аль хэдийн шийдсэн байж магадгүй гэх таамгийг төрүүлжээ.
Анхны “The Matrix” кино 1999 онд гарч, киберпанк жанрын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог. Дараагийн хоёр анги ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бол 2021 онд гарсан дөрөвдүгээр анги олон фенүүдийн хүлээлтэд хүрээгүй. Түүнчлэн 190 сая ам.долларын төсөвтэй уг кино дэлхий даяар ердөө 160 сая ам.долларын орлого олж, прокатад амжилтгүй болсон юм.