Цагаач ажилчдыг шүүмжилж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч тэдэнд өвлийн хувцас хандивлахаар болжээ

0 comments 1 үзэлт
Ли Жэ Мён

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гадаадын ажилчдад зориулсан сайн үйлсийн аянд нэгдэж, хувийн зүгээс өвлийн дулаан хувцас хандивлахаар төлөвлөж байгаагаа арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр хэдхэн долоо хоногийн өмнө цагаач ажилчдын эдийн засагт оруулдаг хувь нэмрийн талаар хэлсэн үгнээсээ болж шүүмжлэлд өртөөд байсан юм.

Ерөнхийлөгч нийгмийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ цагаач ажилчдад туслах сайн үйлсийн аян улс орон даяар өрнөж байгааг онцолжээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 15-нд Улсан хотын байгууллагууд нэгдэн гадаад ажилчдад өвлийн болон ажлын хувцас хандивлах арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.

И Жэ Мён уг санаачилгад өөрөө оролцож, өвлийн хувцас илгээх замаар хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ.

“Үндэс угсаа, хэл өөр ч хөдөлмөрийн үнэ цэнэ ижил”

Ерөнхийлөгч И Жэ Мён гадаадын ажилчдыг Өмнөд Солонгосын нийгэм, эдийн засгийн нэг хэсэг болохыг онцолж, тэдний хөдөлмөрийг үнэлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Цагаач ажилчид бол бидний хамт олон, хөршүүд бөгөөд бидэнтэй хамт энэ улсын эдийн засгийг босгохын төлөө зүтгэдэг. Бидний үндэс угсаа, хэл өөр байж болох ч хөдөлмөрийн үнэ цэнэ ижил байдаг. Засгийн газар хүн бүрийн аюулгүй ажиллагаа, хүндэтгэлтэй харилцаанд анхаарал хандуулах болно” гэж бичжээ.

Мөн төрөлх нутаг, гэр бүлээсээ хол амьдарч буй хүмүүсийн хувьд танил бус орчинд өвлийг даван туулах амаргүй байдгийг дурдсан байна. Ганц дулаан хувцас хүйтнээс бүрэн хамгаалж чадахгүй ч хандивын цаана буй сэтгэл тэдэнд илүү удаан үргэлжлэх дулаан мэдрэмж төрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Гадаад ажилчдын эдийн засагт оруулах хувь нэмрийн талаарх мэдэгдэл нь маргаан дагуулсан

И Жэ Мён өнгөрсөн аравдугаар сард гадаадын ажилчид олсон орлогоо эх орон дахь гэр бүлдээ шилжүүлдэг учраас Өмнөд Солонгосын эдийн засагт оруулах хувь нэмэр нь хязгаарлагдмал гэж мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулсан юм.

Тухайн үед тэрбээр хөдөө аж ахуйн салбарт дотоодын ажиллах хүчийг нэмэгдүүлэх боломжийг судлахыг албаныханд үүрэг болгож байжээ. Үүний хүрээнд Өмнөд Солонгосын иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжин тус салбарт ажиллуулах хувилбарыг авч үзэхийг даалгасан байна.

Ерөнхийлөгч тухайн үед “Үндэсний аюулгүй байдлын үүднээс бид хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын салбаруудыг дэмжих ёстой. Гадаад ажилчдыг авчрах нь үндэсний эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй, учир нь тэд бүх орлогоо гэр лүүгээ илгээдэг” хэмээн хэлж байв.

Харин энэ удаагийн мэдэгдэлдээ тэрбээр цагаач ажилчдын хөдөлмөр улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэйг онцолж, тэдний аюулгүй байдал, хүндэтгэлтэй харилцааг хангахад Засгийн газар анхаарахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Korea Times

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй