Хотын дарга асан Х.Нямбаатар цахим сүлжээнд бусдын нэр төрд халдаж, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан шинжтэй мэдээлэл нийтэлсэн гэх үндэслэлээр иргэд шүүхэд хандахаар болжээ. Түүнийг өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа юм.
Нийтлэлээ 17 удаа зассан ба иргэдийн эсэргүүцэл
Х.Нямбаатар нь өөрийн цахим хуудсаар зарим иргэдийг “MCS” группээс цалин авдаг хэмээн тодотгон мэдээлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Нэр дурдагдсан иргэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандаж эхэлсний нэг нь иргэн Г.Болдбаатар юм.
Тэрбээр Хотын дарга асан Х.Нямбаатар жирийн иргэд рүү дайрч, нэр төрд нь халдсан гэх постоо нийт 17 удаа засварлан нийтэлсэн болохыг онцолсон байна.
Хууль зүйн үндэслэл ба иргэн Г.Болдбаатарын мэдэгдэл
Иргэн Г.Болдбаатар “Нямбаатар Болдбаатар эрлийз гэж үүрээр пост хийж. Зөрүүлээд шүүхэд өгөх кэйс үүсчээ. Намайг иргэний шүүхээр чирэх юм гэсэн, зөрүүлээд үзнэдээ одооноос” хэмээн мэдэгдэж, шүүхэд хандах хоёр үндэслэлээ тайлбарлажээ.
Тэрбээр Иргэний хууль болон Үндсэн хуулийн заалтыг дурдаж: “Кэйс 1: Шүүх «эрлийз» гэх тодорхойлолтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 дахь хэсэгт заасан хүнийг үндэс, угсаа, гарлаар нь ялгаварлан гадуурхаж, олон нийтэд гутаан доромжилсон, үзэн ядалт өдөөх шинжтэй илэрхийлэл гэж үздэг. Иргэний хуулийн 21.2-оор уг мэдээллийг тараасан этгээд тухайн хүнийг харийн цустай, эрлийз болохыг генетикийн болон хууль ёсны баримтаар нотолж чадахгүй тул шүүх дээр хариуцагч 100 хувь ялагддаг. Улмаар няцаалт хийх, уучлалт гуйх шийдвэр гардаг” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хуулиар шалгуулах үндэслэлээ тайлбарлахдаа: “Кэйс 2: ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 14.1-ээр шалгаж шийдвэрлэсэн практик Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйл («Ялгаварлан гадуурхах»): Цахим сүлжээнд бусдыг яс үндэс, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж, олон нийтийг турхирсан тролл болон нөлөө бүхий хаяг эзэмшигчдэд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 450-аас 5,400 нэгжээр торгох ял оногдуулж, хууль бус контентыг албадан устгуулдаг практик хэрэгжиж байна” гэж мэдэгджээ.
