Хятадад роботууд хүнтэй төстэй робот угсардаг анхны үйлдвэр нээгдлээ

0 comments
Хятадад робот угсардаг анхны үйлдвэр нээгдлээ

Хятадын “UBTECH Robotics” компани жилд 10 мянга хүртэлх үйлдвэрлэлийн зориулалттай хүн төрхөт (хүнтэй төстэй) робот үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн анхны үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаа “WeChat” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тус үйлдвэр нь Хятадын өмнөд хэсгийн Гуанси-Жуан өөрөө засах орны Люжоу хотод байрладаг бөгөөд 10 минут тутамд нэг робот үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай аж. Үйлдвэрлэлийн явцын гол онцлог нь “роботууд өөрсдөө роботоо угсардаг” явдал бөгөөд энэ нь Хятадын хүн төрхөт роботын салбарыг лабораторийн туршилтын шатнаас томоохон хэмжээний ухаалаг масс үйлдвэрлэлийн шинэ түвшинд гаргаж байна.

Нийт 14 мянган квадрат метр талбайг хамрах тус үйлдвэрт голчлон “Walker S” болон “Cruzr” цувралын ухаалаг үйлдвэрлэлийн роботуудыг үйлдвэрлэж байна. Барилга байгууламжийн төслийг Германы “Siemens Digital Industries Software” компанитай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд захиалга төлөвлөлт, материалын хуваарилалт болон чанарын хяналт зэрэг бүх шатыг дижитал системээр иж бүрэн удирддаг.

Үйлдвэрлэлийн шугам дээрх роботууд ачаа буулгах, материал ачих, зөөвөрлөх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд бэлэн болсон нэгж бүрийг 4 гаруй цагийн турш иж бүрэн туршиж баталгаажуулдаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй