Японы Эрүүл мэндийн яамнаас 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар гаргасан тоо баримтаар тус улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 107,677-д хүрч, анх удаа 100 мянган хүний босгыг давсан тухай “Yomiuri” сонин мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 7,914 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Японы Эрүүл мэндийн яам 9 дүгээр сарын 21-ний өдөр тохиодог “Ахмадуудыг хүндэтгэх өдөр”-ийг угтан уг статистикийг жил бүр нэгтгэн гаргадаг. Тус улсад энэ насны ангилал дахь өндөр настнуудын тоо 56 жил дараалан дээд амжилт шинэчлэн өсөж байгаа аж. Анх статистик хөтөлж эхэлсэн 1963 онд ердөө 153 өндөр настан бүртгэгдэж байжээ.
Өндөр настнуудын бараг 90 орчим хувийг буюу 94,298-ыг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй нь Киото хотын оршин суугч, 114 настай Фүе Кисимото юм. Харин настан эрчүүдийн тоо 13,379 байгаа бөгөөд хамгийн өндөр настай эрэгтэй нь Кумамото хотын оршин суугч, 112 настай Хикару Като ажээ.
