Дэлхийн анхны Minecraft сэдэвт цэцэрлэгт хүрээлэн ирэх жил Их Британийн “Chessington World of Adventures” паркт нээгдэх гэж байгаа бөгөөд одоо түүний нээлтийг хоног толон хүлээх дахин нэг шалтгаан бий боллоо.
“The Independent” хэвлэлийн мэдээлснээр, Merlin Entertainments болон Mojang Studios компаниуд 2027 онд тус паркийн нутаг дэвсгэрт дэлхийн анхны Minecraft сэдэвт зочид буудлыг нээх гэж байгаагаа зарлав.
Тоглоом сонирхогчид сэдэвт паркаар бүтэн өдөржин аялсныхаа дараа бараг 70 орчим сэдэвт өрөөнүүдийн нэгэнд саатан, Дээд ертөнцөд (Overworld) өөрсдийн аяллыг үргэлжлүүлэх боломжтой юм.
Merlin компанийн бүтээлч төслүүдийн продюсер Дейзи Мерседес шинэ зочид буудлаас юу хүлээж болох талаар ярилаа. Тэрээр “Шүтэн бишрэгчид тоглоом бодит амьдрал дээр хэрхэн амилахыг харахаас гадна, ‘сэргээн амилсны’ (respawn) дараа яг өөрсдийн хүссэн газартаа очихын тулд тоглоом дотор шууд хоноглох боломжтой” хэмээн онцлов.
Шинэ зочид буудалд зочид тоглоомоос сайн мэдэх бодит ертөнцөд амилуулсан байршлуудтай танилцах боломжтой. Тэдний дунд Дээд ертөнц (Overworld), Доод ертөнц (Nether) болон агуйн орчин багтана. Нийт 69 сэдэвт өрөө төлөвлөгдсөн бөгөөд үүнд:
- Premium ангиллын 20 өрөө;
- Minecraft хэв маяг бүхий стандарт 49 өрөө;
- Тоглоомын уур амьсгалыг бүрэн мэдрүүлэх сэдэвт ресторан;
- Ойн харшийн (Woodland Mansion) сэдэвтэй, ундааны (potion) бар.
Зочид буудал нээгдэх тодорхой өдөр одоогоор тодорхойгүй байна. Энэ нь 2027 онд Чессингтон дахь Minecraft сэдэвт ертөнцтэй зэрэгцэн ажиллаж эхлэх ёстой нь л тодорхой байгаа юм. Энэ хооронд Чессингтон руу аялахаар төлөвлөж байгаа эсвэл тэнд хоноглохыг хүсэж буй хүмүүст тасалбар болон байрлах газраа цахимаар урьдчилан захиалахыг зөвлөж байна. Энэ нь үүдэнд шууд худалдан авахаас 50% хүртэл хэмнэх боломжийг олгох аж.
Энэ оны эхээр Minecraft-ын шүтэн бишрэгчид алдартай тоглоомд зориулсан анхны сэдэвт парк байгуулагдах талаар олж мэдэж байсан. Тухайн үед зохион байгуулагчид ирээдүйн байршлын ерөнхий дэлгэрэнгүйг задруулж байв. Тэнд бага насны зочдод зориулсан блокоор барилга барих бүс, интерактив энтертайнмент болон сэдэвт хоолны газрууд байна гэж таамаглаж байна.
Харин одоо Minecraft World-ийн гол аттракцион нь “Escape the Nether” галзуу хулгана болох нь тодорхой боллоо. Зочид аттракционы дотор хэсгийн харанхуй уурхайнуудаар хурдтай аялж, дараа нь Доод ертөнцөөс Дээд ертөнц рүү порталаар дамжин гарах сэтгэл хөдөлгөм мөчийг мэдрэх болно. Маршрутын туршид гэнэтийн эргэлтүүд болон аяллыг илүү сонирхолтой, сэтгэл хөдөлгөм болгох бусад элементүүдийг төлөвлөжээ.
