Монголын жүдоч, ОУХМ Казирбекийн Ёолк “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт тэрбээр ийнхүү Монголын шигшээ багийн энэ удаагийн наадмын анхны алтан медалийг авчирсан байна.
К.Ёолк хагас шигшээд Казахстаны Гусман Кыргызбаевтай барилджээ. Парисын олимпын хүрэл медальт өрсөлдөгчийнхөө эсрэг барилдааны төгсгөлд үүрэх мэх амжилттай хийж, вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө барилдах эрхээ авсан байна.
Финалд Узбекистаны бөхийг ялжээ
Алтан медалийн төлөө К.Ёолк Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай хүч үзсэн. Монголын жүдоч шийдвэрлэх барилдаанд ялалт байгуулснаар Азийн наадмын аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Ингэснээр Монгол Улсын баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас одоогоор нэг алт, нэг хүрэл медальтай болж байна. К.Ёолкийн түрүүтэй зэрэгцэн Монголын баг медалийн хүснэгтийн 26 дугаар байр руу ахижээ.
