Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатарт комедиан, бизнес эрхлэгч М.Баяржаргал БНХАУ-ын Хайнань аралд гэр бүлээрээ амрах аяллын эрхийн бичиг бэлэглэхээр болсноо мэдэгдлээ.
Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County Coliseum” ордонд мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа хийж, ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрбээр 16 тулаанд дараалан ялсан амжилтаа хадгалж, WBC холбооны аваргын бүсийн эзэн болжээ.
“Аваргын амжилтыг дэмжиж, гэр бүлээр нь аялуулахыг хүссэн”
Комедиан М.Баяржаргал боксчны амжилтад баяр хүргэж, өөрийн үүсгэн байгуулсан “Elite Travel” компанийн зүгээс Хайнань аралд гэр бүлээрээ аялах эрхийн бичиг өгөхөөр шийдсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр нийтлэлдээ:
“Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт дэмжиж явдаг фены хувьд 16-0, WBC алтан бүсийн эзэн болсонд баяр хүргэн, гэр бүлээрээ Хайнаньд амрах эрх бэлэглэж байна.
Сайн байна уу, Гавьяатаа? Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, Монгол хүн ямар их тэсвэр тэвчээр, авьяас чадвартайг харуулж, бид бүхнийг бахархуулж яваа ах танд баярлалаа” хэмээн бичжээ.
Мөн Э.Цэндбаатарын тууштай хөдөлмөр, спортын амжилт залууст үлгэр дуурайл болж байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, залуу бизнес эрхлэгчид өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан амжилт гаргасан тамирчдаа дэмжих нь чухал аж.
Хайнань аралд хүссэн үедээ амрах эрх олгоно
М.Баяржаргалын мэдээлснээр, Э.Цэндбаатар аяллын эрхээ өөрийн боломжтой үед ашиглан гэр бүлийнхэнтэйгээ Хайнань аралд амрах боломжтой юм.
Тэрбээр боксчинд зориулсан мэндчилгээндээ “Өдийг хүртэл танд зарим нэг амлалт өгөөд түүнийгээ биелүүлээгүй хүмүүс байгаа нь харамсалтай. Монгол хүн бүр тийм биш юм шүү. Залуус бид ондоо” хэмээн дурджээ.
Мөн “Та рингэн дээр Монголынхоо төлөө тулалддаг. Харин рингнээс буугаад бид таныг дэмжинэ” гэж бичиж, тамирчны дараагийн тулаануудад амжилт хүссэн байна.
Ийнхүү мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа байгуулсан Э.Цэндбаатарт комедиан М.Баяржаргал өөрийн компанийн нэрийн өмнөөс гэр бүлийн аяллын эрх бэлэглэхээр болжээ.
