БНСУ-ын Соннам хотод автобус 32 тээврийн хэрэгсэл мөргөж, 48 хүн бэртжээ

0 comments 4 үзэлт
БНСУ-д автобус 32 машин мөргөж, 48 хүн бэртжээ

БНСУ-ын Соннам хотын Пундан дүүрэгт нийтийн тээврийн автобус гэрлэн дохион дээр зогсож байсан 32 тээврийн хэрэгслийг мөргөсөн ноцтой осол гарч, 48 хүн гэмтжээ. Тэдний зургаа нь хүнд бэртсэн ч амь насанд нь аюул учраагүйг эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн байна.

Сөүл хотоос өмнө зүгт орших тус дүүрэгт осол өнөө өглөө орон нутгийн цагаар 07:34 цагт буюу замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр болжээ.

Албаныхны мэдээлснээр, 60 орчим насны эрэгтэй жолоочтой автобус уулзварын гэрлэн дохион дээр зогсож байсан дөрвөн автобус, нэг ачааны машин болон 27 суудлын автомашиныг дараалан мөргөсөн байна. Улмаар замын хажуугийн хашлагыг мөргөж зогсжээ.

Жолооч тоормос ажиллагаагүй болсон гэж мэдүүлжээ

Ослын дараа цагдаагийн байгууллагаас хийсэн урьдчилсан шалгалтаар автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон байна. Харин жолооч автобусны тоормос ажиллахаа больсны улмаас тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй гэж цагдаагийнханд мэдүүлжээ.

Осол техникийн гэмтлээс шалтгаалсан эсэх нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй бөгөөд холбогдох байгууллагууд ослын нөхцөл байдал, шалтгааныг тодруулахаар шалгалтаа үргэлжлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй