TikTok-ийн тэрбумтан Амбаниг ардаа орхилоо: 43 настай Хятад эр Азийн тэргүүн баячуудын эгнээнд орж ирэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чжан Имин

TikTok нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Жан Имин Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбаниг ардаа орхиж, Азийн хамгийн баян бизнесменүүдийн жагсаалтын хоёрдугаар байранд эрэмбэлэгдэж эхэллээ.

Medee.news сайтын дамжуулснаар, энэ талаар “Bloomberg Billionaires Index”-ийн тооцоололд үндэслэн Business Standard сонин мэдээлсэн байна.

Өдгөө 43 настай Жан Имин-ий нийт хөрөнгө 92.8 тэрбум ам.долларт хүрч өссөнөөр тэрээр Хятадын хамгийн баян хүн гэх байр сууриа улам бататгалаа. TikTok-ийг эзэмшдэг “ByteDance” компанийг хамтран байгуулагчийн хөрөнгө “Bloomberg” агентлаг түүний хөрөнгийг бүртгэж, хянаж эхэлсэн 2019 оны 3 дугаар сараас хойш даруй долоо гаруй дахин өсчээ. Түүний хөрөнгийн энэхүү огцом өсөлт нь дэлхий даяарх видео платформынх нь асар их амжилт, мөн ByteDance компанийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан олон үйлдэлт “Doubao” чат-ботын нэр хүнд өссөнтэй шууд холбоотой юм.

“Capital Securities” компанийн шинжээч Эми Линийн хэлснээр, санхүүгийн хөрөнгийн энэхүү хурдтай өсөлт нь “компанийн суурь үзүүлэлтүүд маш хүчтэй байгаа болон Хятадын зах зээл дэх Doubao зэрэг аппликэйшнүүдийнх нь үнэмлэхүй амжилтыг харуулж байна” гэжээ.

Ингэснээр Мукеш Амбани 86.9 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Азийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаар байр руу ухарсан бол, Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани 117 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө уг жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

Харин дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг Америкийн тэрбумтан Илон Маск тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээлснээр түүний хөрөнгө 726 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй