АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинд АНУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг болох цагаан толгойт бүргэдийг дүрсэлсэн баримал бэлэглэжээ.
“Нөхөрлөлийн бэлгэдэл болгон БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Америкийн нэрт уран барималч, дэлхийн шилдгүүдийн нэгний бүтээсэн энэ бэлгийг өргөн барих нь миний хувьд нэр төрийн хэрэг. Загварыг нь [АНУ-ын тэргүүн хатагтай] Меланиа бид хоёрын хувийн оролцоотойгоор боловсруулсан” гэж Трамп Хятадын удирдагчийн айлчлалыг тохиолдуулан Цагаан ордонд зохион байгуулсан төрийн хүлээн авалтын өмнө хэлжээ.
Тэрээр модны мөчир дээр далавчаа дэлгэсэн том шувууг дүрсэлсэн баримлыг танилцуулсан байна.
“Цагаан толгойт бүргэд бол АНУ-ын үндэсний бэлгэ тэмдэг бөгөөд Америкийн эрх чөлөөт, эрхэмсэг сүнсийг илэрхийлдэг. Бээжинд түүнд зориулсан сайхан байр олдоно гэж найдаж байна. Энэ бол таны хүндэтгэлд зориулсан бэлэг” гэж Трамп Ши Жиньпинд хандан нэмж хэлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч баримлыг бүтээсэн уран барималчийн нэр болон ямар материалаар хийснийг тодруулаагүй байна. Цагаан толгойт бүргэд Хойд Америкт нутагладаг. Нэгэн үед устах аюулд ороод байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь тогтворжжээ.
Ши Жиньпин 9-р сарын 23-нд АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Трамп түүнийг Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн баазад онгоцны шатны дэргэд угтан авчээ. АНУ-ын Ерөнхийлөгчид тус улсад айлчилж буй гадаадын удирдагчдыг онгоцны шатны дэргэд угтах нь ховор тохиолддог.
Ингэж угтуулсан гадаадын удирдагчдын нэг нь ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Никита Хрущёв байв. Түүнийг 1959 оны 9-р сарын 15-нд Ши Жиньпиний энэ удаа хүрэлцэн ирсэн Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн баазад АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр угтан авч байжээ.
БНХАУ-ын даргын АНУ-д хийж буй төрийн айлчлал 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Трамп 5-р сарын 13-15-нд Хятадад айлчилсан байна.
