Японы рестлер-төлөөлөгч хуралдаанд багтайгаа оролцох эрхээ хамгаалж чадлаа

0 comments 4 үзэлт
Билли Кен Кид

Японы мэргэжлийн бөх (рестлер) Билли Кен Кид Каваниши хотын зөвлөлийн төлөөлөгчөөр сонгогдож, албан ёсны хуралдаануудад өөрийн нэрийн хуудас болсон багтайгаа оролцох эрхээ авчээ.

“Sun TV”-ийн мэдээлснээр, “Osaka Pro Wrestling” холбооны нэрийн өмнөөс барилддаг 52 настай тамирчин 10 дугаар сарын 18-нд болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр төлөөлөгчийн мандат авсан байна. Түүний төлөө 4,040 оршин суугч саналаа өгсөн нь 37 нэр дэвшигчээс нэгдүгээр байрт бичигдэх боломжийг олгожээ. Рестлер эр сонгуулийн сурталчилгаагаа бүхэлд нь тайзны ердийн дүр төрх буюу багтайгаа хийсэн аж.

Ялалт байгуулсны дараа төлөөлөгч хүн албан ёсны хуралдааны үеэр нүүрээ нууж болох эсэх асуудал хөндөгдсөн байна. Орон нутгийн зөвлөлийн дүрэмд баг зүүхийг зохицуулсан шууд заалт байгаагүй тул намын бүлгүүд уг нөхцөл байдлыг тусгайлан хэлэлцэхэд хүрчээ. Улмаар олонх нь тамирчны хүсэлтийг хүлээн авч, дэмжихээр шийдвэрлэсэн байна.

Зөвшөөрлийг нэгэн болзолтойгоор олгосон бөгөөд хуралдааны танхимд орохын өмнө зөвлөлийн дарга төлөөлөгчийн нүүрийг баггүйгээр харж, хэн болохыг нь биечлэн баталгаажуулах ёстой аж. Мөн тэрээр албан ёсны ёслолын арга хэмжээнүүдэд баггүй оролцох бодолтой байгаа гэнэ.

11 дүгээр сарын 9-ний өдөр Билли Кен Кид ажил хэрэгч хослол, алтлаг өнгийн багтайгаар нэгдсэн хуралдаанд анх удаа оролцжээ. Хэвлэлд дурдсанаар тэрээр Хёго мужийн түүхэнд нэгдсэн хуралдаанд багтайгаа оролцсон анхны рестлер-төлөөлөгч болсон байна.

Олон жил рестлингийн спортоор хичээллэсэн ч Кид зөвлөлийн хуралдааныг шоу болгож хувиргах бодолгүй байгаа аж. Тэрээр: «Би тайван байдлаа хадгалж, өөрийнхөөрөө буюу урьдын адил л ажиллахыг хүсэж байна» хэмээн мэдэгджээ.

Билли Кен Кид Каваниши хотод олон жилийн турш нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, спортын арга хэмжээ зохион байгуулж, нийгмийн халамжийн байгууллагуудаар зочилдог нэгэн юм. Тэрээр төлөөлөгчийн хувиар хийх ажлынхаа гол чиглэлийг хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих болон хотын оршин суугчдын өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх явдал хэмээн тодорхойлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй