Америкийн жүжигчин Сьюзан Сарандон, Ханна Айнбиндер нар Нью-Йоркт болсон Израилийн эсрэг жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд байжээ. Энэ талаар The Guardian мэдээлэв.
Цагдаагийн ажилтнууд тэдний гарт хуванцар гав зүүж, авч явсан байна. Зөвшөөрөлгүй жагсаалыг “Jewish Voice for Peace” байгууллага зохион байгуулжээ. Жагсагчид “Израилийг зэвсэглэхээ зогсоо” гэсэн бичигтэй лоозон барьсан байна.
Нью-Йоркийн цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, хүмүүс уулзварыг хаасны дараа “урьдчилан төлөвлөөгүй жагсаал” болж байгаа тухай дуудлагын дагуу цагдаа нар очжээ.
“Цагдаагийн ажилтнууд жагсаалд оролцогчдод тарах шаардлага тавьсан. Гэвч тэд уулзварыг үргэлжлүүлэн хаасаар байсан. Шаардлагыг биелүүлээгүй хэд хэдэн хүнийг саатуулсан” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
“Thelma & Louise”, “The Rocky Horror Picture Show”, “The Witches of Eastwick” киноны од Сарандон өмнө нь ч Израилийн эсрэг байр сууриа илэрхийлж байсан. Тэрээр энэ сард Венецийн кино наадам дээр үзэл бодлоосоо болж ажлын боломжоо алдаж байгаа гэж мэдэгджээ.
