Канадын муж сургуулийн буудалцааны хэрэгт холбогдуулан OpenAI-ийг шүүхэд өгчээ

0 comments
OpenAI

Канадын Британийн Колумби мужийн эрх баригчид тус бүс нутгийн нэгэн сургуульд хоёрдугаар сард гарсан нийтийг заналхийлсэн буудалцааны хэрэгт холбогдуулан алдартай ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийг Сан-Францискогийн холбооны шүүхэд өгсөн тухай “Financial Times” (FT) сонин мэдээлэв.

Хоёрдугаар сарын 10-нд Тамблер-Ридж хотод 18 настай трансжендэр эмэгтэй Джесси Ван Рутселар буудалцаан үүсгэсний улмаас есөн хүн амиа алджээ.

Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, OpenAI болон тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман нар сэжигтэй хэмээн системд нь тэмдэглэгдсэн хэрэгтний ChatGPT бүртгэлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлээгүй тул Канадын түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан нийтийг хөнөөсөн хэргүүдийн нэгээс урьдчилан сэргийлэхэд тусалж чадаагүй гэж буруутгагдаж байна.

Мужийн Ерөнхий прокурор болон орон нутгийн сургуулийн зөвлөл шүүхэд гаргасан гомдолдоо OpenAI-ийг хэрэгт хайнга хандсан, мөн нийтийг заналхийлсэн буудалцаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн буруутгажээ. Энэхүү шинэ нэхэмжлэл нь дэлхий дахинд хиймэл интеллектийн (ХИ) аюулгүй байдлын талаарх ширүүн хэлэлцүүлэг өрнөж буй үед гарч байна. Технологийн салбарын тэргүүлэх төлөөлөгчдийн үзэж байгаагаар хууль зүйн хариуцлага нь хамгийн боловсронгуй загваруудыг бүтээх гэсэн ХИ-ийн лабораториудын “уралдааныг” хазаарлахад гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тус нийтлэлд дурджээ.

Өмнө нь мэдээлж байснаар, халдлага гарахаас хагас гаруй жилийн өмнө буюу 2025 оны зургаадугаар сард OpenAI-ийн мониторингийн автоматжуулсан систем буудагчийн бүртгэлийг илрүүлж, мэргэжилтнүүдийн шалгалтад шилжүүлж байжээ. Шалгалт хийсэн баг “бусдад хохирол учруулах бодит бөгөөд тодорхой эрсдэл бий” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

OpenAI-ийн мэргэжилтнүүд мэдээллийг цагдаагийн газарт шилжүүлэхийг зөвлөсөн боловч компанийн удирдлага уг зөвлөмжийг хүлээж авахаас татгалзаж, оронд нь бүртгэлийг нь идэвхгүй болгохоор шийдвэрлэжээ. Үүний дараа хэрэгтэн хоёр дахь бүртгэлээрээ дамжуулан ChatGPT-ийг үргэлжлүүлэн ашигласан хэмээн хэргийн материалд дурдсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй