Афганистаны эрх баригч “Талибан” хөдөлгөөн эрэгтэй эмч нарт эмэгтэйчүүдийг хүлээн авч эмчлэх, тэр дундаа яаралтай тусламж үзүүлэхийг бодит байдал дээр хоригложээ. Хэдийгээр улс орон даяар албан ёсны хориг тогтоосон тухай зарлаагүй ч эдгээр хязгаарлалт тус улсын ихэнх мужид хэдийнэ хэрэгжиж эхэлсэн байна. Эмч нар эмэгтэй өвчтөн эмчилсний төлөө шоронд хоригдож болзошгүй хэмээн сүрдүүлж байгаа тухай мэдээлж байгаа бол эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахаас татгалзах эсвэл зохих мэргэжилгүй хүмүүст хандахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ тухай “The Guardian” болон “Zan Times” хэвлэлүүдийн хамтарсан эрэн сурвалжлах нийтлэлд өгүүлсэн байна.
Сэтгүүлчдийн ярилцлага авсан эмч нарын хэлснээр, “Талибан”-ы төлөөлөгчид шүдний эмнэлгүүдэд гэнэтийн шалгалт хийж, хэрэв эмэгтэй өвчтөн үзэж байгаад баригдвал шоронд орно хэмээн эрэгтэй эмч нарыг анхааруулдаг аж. Ихэнх мужид эмч нарт тусгай нөхцөл хангаагүй тохиолдолд буюу тухайлбал, “Талибан”-ы дүрмээр эмэгтэй хүнийг дагалдан явах ёстой эрэгтэй төрөл садан болох “махрам”-ыг байлцуулалгүйгээр эмэгтэйчүүдэд үзлэг хийхгүй байх тушаал өгчээ.
Афганистаны хойд нутгийн улсын эмнэлэгт 15 жил ажилласан мэс засалч эмч: «Бид тэдний махрам биш учраас эмэгтэй өвчтөнүүдэд шууд үзлэг хийхийг зөвшөөрдөггүй. Эмчилгээ хэр энгийн байх, эсвэл өвчтөний биеийн байдал хэр хүнд байгаа нь огт хамаагүй» хэмээн ярьсан байна.
Сэтгүүлчидтэй ярилцсан Герат хотын 37 настай оршин суугч эмэгтэйн хэлснээр, шүдний эмнэлэг түүний төлбөрийг нь урьдчилан төлсөн эмчилгээг дуусгахаас татгалзжээ. Түүний хэд хэдэн хорхойтсон шүдийг авч, имплант суулгах ёстой байсан ч гурав дахь удаагийн үзлэг дээр нь гэр рүү нь буцаасан байна. Хожим нь эмнэлгийн ажилтнууд Ёс суртахууныг дэмжих, садар самуунаас урьдчилан сэргийлэх яамнаас эрэгтэй шүдний эмч нарт эмэгтэйчүүдийг эмчлэхийг хориглосон гэж тайлбарлажээ. Түүнээс хойш гурван сар өнгөрсөн ч өвчтөн эмчилгээгээ дуусгаж чадаагүй хэвээр байна.
Зарим мужид энэхүү хязгаарлалт бүр эмэгтэй өвчтөнүүдийн нэрийг ашиглахыг хориглох хэмжээнд хүрчээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, тавдугаар сард Балх мужийн эрүүл мэндийн байгууллагуудад бүх эмэгтэйчүүдийг жинхэнэ нэрээр нь бус, харин “Биби” гэж дуудах үүрэг өгсөн байна. Энэ шаардлага нь эмийн жор дээр ч мөн адил үйлчилж байгаа аж.
Гэтэл Афганистанд эмэгтэй эмч нарын хомсдол туйлын хурцаар тавигдаж байгаа бөгөөд эрх баригчид шинэ боловсон хүчин бэлтгэх боломжийг хязгаарласаар байна. 2024 оны 12 дугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийг анагаах ухааны сургуульд суралцахыг хориглосон юм. Түүнчлэн “Талибан” эмнэлгүүдэд эмэгтэй ажилтан шинээр авахыг хориглосныг эмч нар сэтгүүлчдэд баталжээ. Одоо ажиллаж буй цөөн хэдэн эмэгтэй эмч нар ч мөн махрамын хамт явах үүрэгтэй болсон байна.
Нэгэн өвчтөний ярьснаар, аав нь хамт байсан хэдий ч эрэгтэй эмч түүнийг хүлээн авахаас татгалзжээ. Учир нь эмчид өвчтөний биед хүрэхийг хориглосон тул шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх өөр нэгэн эмэгтэй эрэгтэй асран хамгаалагчийнхаа хамт эмнэлэгт ирэхийг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Үүний улмаас эмэгтэйчүүд эмчилгээнээс татгалзах, мэргэжлийн бус хүмүүст хандах, эсвэл өөрсдийгөө болон эмч нарыг эрсдэлд оруулан байж эмнэлгийн тусламж авах гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Зарим эмнэлгүүд “Талибан”-ы төлөөлөгчид ойртож буйг урьдчилан анхааруулах харуул хүртэл гаргах болжээ.
Эмч, өвчтөнүүдийн эдгээр гэрчлэл нь тус хөдөлгөөний төлөөлөгчдийн олон нийтэд хийсэн мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард “Талибан”-ы Харилцаа холбооны сайд Хамдулла Номани эмэгтэйчүүдийг эмчилж буй эрэгтэй эмч нарыг махрамд тооцох бөгөөд тэдэнд холбогдох хязгаарлалтууд үйлчлэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
