Table of Contents
Аргентины Андын өндөрлөг бүсийн оршин суугчид олон мянган жилийн турш хүнцлийн агууламж өндөртэй ус хэрэглэж иржээ. Ийм хэмжээний хүнцэл нь ихэнх хүнд хүнд хордлого, ноцтой өвчин үүсгэх эрсдэлтэй.
Science Alert-ийн мэдээлснээр, шинэ генетикийн судалгаанууд нутгийн хүн ам байгалийн шалгарлын үр дүнд энэхүү хорт бодисыг биеэс илүү үр дүнтэй гадагшлуулах өвөрмөц биологийн дасан зохицолтой болсныг харуулжээ.
Хүнцэлд тэсвэртэй болох генетикийн шалтгаан
Асуудлын эх үүсвэр газрын гүнд байдаг. Галт уулын гаралтай чулуулгаас хортой металлоид болох хүнцэл байнга уусаж, газрын доорх усанд ордог байна.
Өмнөд Америкийн энэ бүсийн оршин суугчдын ДНХ-г шинжлэхэд хүнцлийг бие махбодод илүү үр дүнтэй, аюул багатайгаар боловсруулахад тусалдаг тусгай генетикийн хувилбар илэрчээ.
“Дасан зохицол нь геномд өөрчлөлт үүсгэдэг. Гэхдээ хүний тодорхой дасан зохицлын нотолгоо одоогоор хязгаарлагдмал хэвээр байна. Бидний мэдээллээр, орчны стрессийн хүчин зүйл болох хүнцлийн нөлөөг тэсвэрлэх дасан зохицол нь AS3MT генийн хамгаалах хувилбаруудын давтамж нэмэгдэхэд хүргэсэн бололтой. Энэ нь хүний бие хорт химийн бодист дасан зохицсоны анхны нотолгоо юм” гэж Уппсалагийн их сургуулийн хувьслын биологич Карина Шлебуш, Люси Гаттепай нарын удирдсан 2015 оны судалгаанд бичжээ.
Байгаль хүчилтөрөгчийн дутагдал, хэт халуун эсвэл хүйтэн орчин, цацрагт дасан зохицох гайхалтай чадварыг олонтаа харуулж байсан ч хүн хорт химийн бодист дасан зохицсон тохиолдол бараг мэдэгдээгүй байв.
Хүнцэл нь хорт хавдар, арьсны гэмтэл, жирэмсний хүндрэл, дутуу нас баралттай холбоотой тул хамгийн аюултай элементүүдийн нэгт тооцогддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ундны усанд агуулагдах хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг ердөө 10 мкг/л гэж үздэг.
Харин Пуна-де-Атакамагийн өндөрлөг дэх Сан-Антонио-де-лос-Кобрес сууринд усан дахь хүнцлийн хэмжээ 200 мкг/л хүрдэг байжээ. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 20 дахин өндөр бөгөөд нутгийн иргэд 2012 он хүртэл ийм ус хэрэглэж байсан байна.
Дараа нь оршин суугчдад орчин үеийн шүүлтүүрийн систем суурилуулжээ. Харин энэ бүс нутагт хүмүүс хамгийн багадаа 7000 жил, зарим тооцоогоор бүр 11 000 жилийн турш амьдарч ирсэн байна.
Бие нь хүнцлийг хурдан саармагжуулдаг
Ийм өндөр хэмжээний хорт бодист олон жилийн турш хэрхэн тэсвэртэй байгааг эрдэмтэд удаан хугацаанд тайлбарлаж чадахгүй байв.
1995 онд судлаачид нутгийн эмэгтэйчүүдийн шээсэн дэх хүнцлийн метаболитуудын өвөрмөц харьцааг анх тэмдэглэжээ.
Хүнцэл биед орсны дараа ферментүүдийн тусламжтай хэд хэдэн үе шаттайгаар хувирдаг. Завсрын хэлбэр болох монометилжсэн хүнцэл (MMA) нь маш хортой. Харин эцсийн хэлбэр болох диметилжсэн хүнцэл (DMA) нь бөөрөөр харьцангуй амархан гадагшилдаг.
Сан-Антонио-де-лос-Кобресийн оршин суугчдын биед аюултай завсрын нэгдэл бараг хуримтлагддаггүй бөгөөд илүү аюул багатай DMA хэлбэрт хурдан шилждэг байжээ.
Үүний генетикийн үндсийг тогтоохын тулд Шлебуш, Гаттепай нарын баг тус суурингийн 124 эмэгтэйн ДНХ-ийн дээж авч, геномын олон сая маркерыг судалсан байна. Үр дүнг “1000 геном” олон улсын төслийн Перу, Колумбын оршин суугчдын генетикийн мэдээлэлтэй харьцуулжээ.
Эрдэмтэд хүнцлийн метилтрансфераза ферментэд анхаарч судлахад тухайн гентэй холбоотой бүхэл бүтэн бүлэг генетикийн хувилбар илрүүлсэн байна. Эдгээр нь хүнцлийг биеэс илүү хурдан гадагшлуулахтай холбоотой байжээ.
Сан-Антонио-де-лос-Кобресийн хүн амд эдгээр хувилбар нь генетикийн хувьд ойролцоо хөрш ард түмнүүдээс хавьгүй түгээмэл байжээ.
Ижил дасан зохицол өөр бүс нутагт ч илэрчээ
Ийм шинж чанар дэлхийн өөр хэсгүүдэд ч ажиглагдсан байна.
Тухайлбал, 2025 оны 9-р сард Чикагогийн их сургуулийн судалгаанд хүнцлийн нөлөөнд өртсөн Бангладешийн 6500 гаруй хүн оролцжээ. Судлаачид FMO болон GSTO гэсэн өөр хоёр генийн бөөгнөрлийг илрүүлсэн байна.
Эдгээр нь AS3MT генийн хувилбартай хамт хорт бодисыг биеэс хурдан гадагшлуулж, хамгийн хортой хэлбэрүүд нь хуримтлагдахаас сэргийлэхэд тусалдаг гэж үзжээ.
Аргентины өндөрлөг бүсэд хүнцэл олон мянган жилийн турш байсаар ирсэн нь байгалийн шалгарлаар хордлогод өртөмтгий байдлыг бууруулдаг генетикийн хувилбарууд түгээмэл болоход хүргэсэн гэж эрдэмтэд үзэж байна.
Сүүлийн үеийн мэдээллүүд энэ онцлог Андын бүсийн бусад хүн амд ч илэрч болохыг харуулжээ.
“Хүнцлийн нөлөө хүүхэд болон насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ноцтой хор уршигтайг харгалзан үзвэл, хүнцэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг гаплотип тээдэг хүмүүс ийм бодисын агууламж өндөр орчинд байгалийн шалгарлын маш том давуу талтай байж болно” гэж судлаачид дүгнэсэн байна.
