Table of Contents
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болон хууль бусаар мөрдөн мөшгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Мөн хохирогч эхнэр болон насанд хүрээгүй хүүхдэд учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг нийт 43 сая 560 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид уг төлбөрийг барагдуулах хугацаа хүссэн тул шүүх хуралдааныг ажлын тав хоногоор завсарлуулжээ. Хурал 2026 оны есдүгээр сарын 28-ны 11:00 цагт үргэлжлэхээр товлогдсон байна.
2005-2020 оны зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ
Хэргийг есдүгээр сарын 18-ны 09:00 цагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд тухайн өдөр ажлын цаг дууссан тул есдүгээр сарын 21 хүртэл завсарласан байна. Хурал үргэлжлэх үеэр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зарим үйлдлийг шүүх тусад нь үнэлжээ.
Тухайлбал, Б.Эрдэнэсүхийг эхнэр Н-г 2005, 2007-2013, 2016, 2019, 2020 онуудад байнга зодсон гэх хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Харин бусад үйлдэлд нь гэм буруутайд тооцсон шийдвэр гаргажээ.
Шүүх Б.Эрдэнэсүхийг дараах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна:
- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
- 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болон хүүхдийн эсрэг үйлдсэн;
- 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөрдөн шалгах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн.
Хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийг тусад нь үнэлжээ
Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрсэн хохирогч Н-ийн сэтгэцэд дөрөвдүгээр зэргийн, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд гуравдугаар зэргийн хор уршиг учирсан гэж тогтоосон байна. Үүний үндсэн дээр шүүх нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн 2023 оны жишиг аргачлалаар тооцжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр тооцож, насанд хүрсэн хохирогчид 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 27 сая 720 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Насанд хүрээгүй хохирогчид 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 15 сая 840 мянган төгрөг олгохоор тогтоосноор нийт нөхөн төлбөр 43 сая 560 мянган төгрөг болжээ.
Хохирлоо төлөхөөр ажлын тав хоногийн хугацаа хүсэв
Б.Эрдэнэсүх болон түүний өмгөөлөгчид шүүхэд хандаж, тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд ажлын тав хоногийн завсарлага хүссэн байна. Шүүх энэ хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүлээн авчээ.
Тус зохицуулалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх тухай шүүгдэгч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг тав хүртэл ажлын өдрөөр завсарлуулах боломжтой. Иймээс шүүх хуралдаан есдүгээр сарын 28-ны 11:00 цаг хүртэл завсарласан байна.
