Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан асан Э.Г-д холбогдох албан тушаалын хэргийг шалгаж дуусан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн нь тухайн этгээдүүдийг гэм буруутай гэж эцэслэн тогтоосон хэрэг биш юм.
6.5 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэх хэрэг ба бусад зөрчлүүд
Шалгалтын явцад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилгын талбайг хүлээн аваагүй, улсын комисс ажиллаагүй байхад гэрээний төлбөрийн 80 хувь болох 6.5 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагджээ.
Мөн сумын Засаг дарга Ю.Д татварын давсан орлогын үлдэгдэл болох 54.5 сая төгрөгөөр иргэний зээл төлсөн, Дундговь аймгийн албан тушаалтан Ц.А бусдад давуу байдал олгосон, мөн Завхан аймгийн албан тушаалтнууд болох А.Г, Ч.Н нар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
АТГ-ын өнгөрсөн долоо хоногийн мөрдөн шалгах ажиллагааны тойм
Тус газраас 2026 оны есдүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгаснаас 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдлоос татгалзан, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлжээ. Одоогоор 83 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1021 хэргээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байгаа ба одоогоор 991 хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тайлант хугацаанд мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж, 1 хэргийн хүрээнд 3 объектод нэгжлэг хийжээ.
