Нэг уулчин Эверестийн оргилд гарахад дунджаар 60,000 ам.доллар зарцуулдаг болохыг Непалын уулчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ражендра Лама мэдээллээ. Гадаадын уулчдын мэргэжлийн түвшний экспедицийн өртөг дунджаар 45,000-аас 70,000 ам.доллар байдаг бол хувийн болон тусгай зэрэглэлийн авиралт үүнээс хавьгүй өндөр үнэтэй тусдаг аж.
Төлбөрийн бүтэц ба авиралтын шинэчилсэн журам
Энэхүү зардалд 2026 онд 15,000 ам.доллар болж нэмэгдсэн авиралтын тусгай зөвшөөрлийн хураамжаас гадна хөтөчийн үйлчилгээ, даатгал, тоног төхөөрөмж болон логистикийн зардлууд багтдаг байна. Мөн Непалын Үндэсний ассамблей энэ оны хоёрдугаар сард Эверестэд авирах журмыг чангаруулж, туршлагагүй уулчдын тоог цөөртэй тулд дэлхийн хамгийн өндөр оргилд гарахаас өмнө Гималайн 7,000 орчим метрийн өндөртэй өөр нэгэн оргилд заавал гарсан байх шаардлага тавьжээ.
Далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөртэй Эверестийн оргилд авирах нь уулчдын хувьд нэр хүндтэй ч хамгийн аюултай туршлагад тооцогддог. Нээлттэй мэдээллээр жил бүр дунджаар таван уулчин амь эрсддэг бөгөөд сураггүй алга бологсод олон тул бодит статистик илүү өндөр байх магадлалтай юм.
