“Guys” хамтлаг 30 жилийн ойдоо зориулсан шинэ киногоо аравдугаар сарын 22-нд нээнэ

0 comments
Guys

Монголын поп урлагийн “Guys” хамтлаг ирэх онд тохиох 30 жилийн ойгоо угтан “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” нэртэй шинэ уран сайхны кино бүтээжээ. Тус бүтээл аравдугаар сарын 22-ноос кино театруудаар үзэгчдийн хүртээл болох юм.

Шинэ кинонд “Guys” хамтлагийн гишүүд өөрсдөө тоглосноос гадна “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа гол дүрийн нэгийг бүтээсэн байна.

“Guys” хамтлагийнхан кино урлагт өмнө нь ч хэд хэдэн бүтээлээр хүч сорьж байсан юм. Тэд 1998 онд “Тавилан”, 2001 онд “Бидний найзын дурлал”, 2008 онд “Сайн уу, амьдрал минь” уран сайхны киног үзэгчдэд хүргэж байжээ.

Харин энэ удаагийн бүтээл “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” нэртэйгээр дэлгэцнээ гарах гэж байна. Ингэснээр хамтлагийн уран бүтээлийн түүхэнд танил болсон нэр шинэ кинонд дахин үргэлжлэхээр болжээ.

Тайз, кино, мюзиклийн бүтээлүүд туурвиж ирсэн

“Guys” хамтлагийг 1997 онд СУИС-ийн нэг ангийн залуус байгуулсан түүхтэй. Тэд хөгжмийн цомог, тоглолтоос гадна драмын жүжиг, кино болон мюзиклийн чиглэлээр олон бүтээл хийж ирсэн байна.

Тухайлбал 2001 онд “Hamlet”, 2004 онд “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” драмын жүжгийг тайзнаа тавьж, 2006 онд “Зун орсон цас” мюзиклийг үзэгчдэд хүргэж байжээ.

Ийнхүү 2027 онд 30 жилийн ойгоо тэмдэглэх “Guys” хамтлагийн шинэ уран сайхны кино энэ сарын 22-ноос үзэгчидтэй уулзах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй