Монгол Улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх намрын нэгдсэн ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү аяны нээлтийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод шинээр тарьсан юм.
Ногоон байгууламжийн хэмжээг 10 ам метрт хүргэх зорилт
Өдгөө нийслэл хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дундаж үзүүлэлтээс даруй 60 гаруй хувиар бага байна. Иймд хотын захиргаанаас уг үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн 42 байршилд шинээр ногоон байгууламж болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт юм. Тиймээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг эхний ээлжид 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна” хэмээн онцоллоо.
