БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “WorldSkills Shanghai 2026” дэлхийн ур чадварын 68 дахь удаагийн олимпиадад Монгол Улсаас оролцсон Г.Номин “Best of Nation Award” шагналын эзэн боллоо. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны 1400 орчим шилдэг залуус 64 төрлөөр өрсөлдсөнөөс манай улсаас 12 залуу мэргэжилтэн ур чадвараа сорьсон юм.
Тус олимпиадын гагнуурын төрөлд хүч сорьсон Г.Номин Монгол Улсын баг тамирчдаас хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлснээр “Best of Nation Award” шагналыг гардан авлаа. Түүнчлэн CNC токарийн төрөлд өрсөлдсөн С.Эрхэмбилэг амжилттай оролцож, нөхөрсөг тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.
Технологийн дэвшил ба ирээдүйн боломж
Уг тэмцээн нь улс орнуудын техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын чанар, стандартыг ахиулах, цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг томоохон талбар юм. Энэ удаагийн олимпиадаар хиймэл оюун ухаан, робот технологи болон хүний ур чадварын хамтын ажиллагааг онцолсон үзүүлбэрүүдийг толилуулснаараа онцлог байв.
Мөн таван тивийн залуус туршлагаа хуваалцаж, ур чадварын боловсрол нь ирээдүйн хөдөлмөр эрхлэлт болон залуучуудын карьерын хөгжилд ямар чухал ач холбогдолтойг харууллаа.

