Table of Contents
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болсон дээд хэмжээний уулзалтыг Японы Гадаад хэргийн яам болон тус улсын хэвлэлүүд эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх агуулгаар онцолжээ. Японы тал Монгол Улсыг стратегийн ач холбогдолтой “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааг хэд хэдэн шинэ чиглэлд тэлэхээ илэрхийлсэн байна.
Есдүгээр сарын 29-нд Токио хотод Н.Учрал, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи нар албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь ажлын зоог барьжээ. Уулзалтын үеэр хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.
Монголын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэр дэвшилтийг дэмжинэ гэжээ
Японы Гадаад хэргийн яамны мэдээлэлд Ерөнхий сайд Санаэ Такаичи Монгол Улс 2047 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдохоор нэр дэвшихийг Япон дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж дурджээ. Энэ нь уулзалтын үеэр хөндөгдсөн олон улсын хамтын ажиллагааны гол асуудлуудын нэг болсон байна.
Мөн Японы тал Монгол Улсыг өөрийн чухал “гуравдагч хөрш”-үүдийн нэг гэж тодорхойлж, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” /FOIP/ үзэл баримтлалын хүрээнд Монголын бие даасан байдал, тэсвэрлэх чадавхыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Чингис хаан нисэх буудлын өргөтгөлд иенийн зээл олгоно
Японы TV Asahi болон Kobe News уулзалтын эдийн засгийн хэсгээс Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг түлхүү онцолжээ. Эх сурвалжид дурдсанаар Японы талаас уг бүтээн байгуулалтад зориулж 158.2 тэрбум иений зээл олгохтой холбоотой ноот бичгийг солилцсон байна.
TV Asahi энэ төслийг Монгол-Японы агаарын тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх алхам хэмээн мэдээлжээ. Тус телевиз мөн БНХАУ, ОХУ-тай хиллэдэг Монголын хувьд Япон чухал гуравдагч хөршийн байр суурь эзэлдэг болохыг тайлбарласан байна.
JETRO-гийн салбарыг Монголд нээх хүсэлт тавьжээ
Японы Гадаад хэргийн яамны мэдээллээр Ерөнхий сайд Н.Учрал Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага болох JETRO-гийн салбарыг Монгол Улсад байгуулах хүсэлт гаргасан байна. Харин Ерөнхий сайд Такаичи уг асуудалд хамтран ажиллах байр сууриа илэрхийлжээ.
Талууд мөн хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн салбар, эдийн засгийн хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын чиглэлд харилцаагаа өргөжүүлэх талаар ярилцсан байна.
Газрын тосны нөөц, сэргээгдэх эрчим хүчийг хөнджээ
Японы “POWER Asia” санаачилгын хүрээнд газрын тосны нөөц бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр хамтран ажиллахаар талууд санал нэгдсэн гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ. Энэ хүрээнд Монголын эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдал болон эх үүсвэрээ төрөлжүүлэх асуудал ч хөндөгдсөн байна.
Японы зарим хэвлэл Монгол Улс түлшний нийлүүлэлтээр ОХУ-аас өндөр хамааралтай байдгийг онцолж, Япон, АНУ зэрэг “гуравдагч хөрш”-тэй харилцаагаа тэлж буй Монголын гадаад бодлогын хүрээнд энэ удаагийн айлчлалыг тайлбарлажээ.
Ийнхүү Японы талын мэдээллүүдэд Ерөнхий сайд Н.Учралын айлчлалыг нисэх буудлын өргөтгөл, эрчим хүч, худалдаа, технологи болон олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг зэрэг ахиулах уулзалт хэмээн онцолсон байна.
