Итали гадаад сурагчдад шинэ журам тогтоож, бурка, никаб өмсөхийг хориглохоор бэлтгэж байна

0 comments
Мелони

Италийн Засгийн газар нэг ангид суралцах гадаадын сурагчдын тоог хязгаарлаж, сургуулиудад бурка болон никаб өмсөхийг хориглох хуулийн төсөл боловсруулж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, энэ талаар Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони мэдэгджээ.

Холбогдох хуулийн төслийг ойрын хугацаанд Сайд нарын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Уг баримт бичигт Италийн сургуулийн тогтолцоонд дасан зохицоход ноцтой хүндрэлтэй тулгарч буй гадаад сурагчдын эцэг эхэд итали хэл заавал сурах шаардлага тавихаар мөн тусгажээ.

“Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар нэг ангид суралцах гадаадын сурагчдын дээд тоог хуулиар тогтоох хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Мөн сургуулийн тогтолцоонд дасан зохицоход ноцтой хүндрэлтэй тулгарч буй гадаад сурагчдын эцэг эхийг итали хэл сурахыг шаардаж, сургуулиудад бурка болон никаб өмсөхийг хориглоно” гэж Мелони хэлжээ.

Тэрээр нэг ангид суралцах гадаадын сурагчдын дээд тоо яг хэд байхыг тодруулаагүй бөгөөд энэхүү санаачилгыг итали хэл мэдэхгүй хүүхдүүдийг үр дүнтэй нийгэмшүүлж, сургалтын орчинд нэгтгэх шаардлагатай холбон тайлбарлав. Засгийн газрын тэргүүний хэлснээр, ийм сурагч цөөн байвал ангийнхан болон багш нарынхаа тусламжтайгаар хэлийг хурдан эзэмших боломжтой. Харин итали хэл ойлгодоггүй хүүхдийн тоо олшрох нь сургалтын явц болон дасан зохицох үйл явцыг хүндрүүлж болзошгүй аж.

Fondazione ISMU-гийн мэдээлснээр, Италийн иргэншилгүй сурагчид тус улсын нийт сургуулийн сурагчдын 11.6%-ийг эзэлдэг.

Мелони мөн сургуулиудад нүүрийг бүхэлд нь халхалсан хувцас, тухайлбал бурка болон никаб өмсөхийг хориглох шаардлагатай гэж тусад нь мэдэгдэв. Тэрээр Италийн сургуулиудад сурагчид нүүрээ ил гаргасан байх ёстойг онцолжээ.

“Сургуульд нүүрээ ил гарган явдаг байх ёстой. Италид жинхэнэ эсвэл хуурамч уламжлалын нэрийн өмнөөс залуу эмэгтэй өөрийгөө халхлах ёстой гэж хэн ч шийдэх эрхгүй” гэж Ерөнхий сайд нэмж хэлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй