Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой болон “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар жанжин Д.Сүхбаатарын талбай дахь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв
Монгол бахархлын өдрийн хүрээнд төв талбайд төрийн хүндэтгэлийн ёслолууд уламжлал ёсоор өрнөв. Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Мөн өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтын гаргасан захирамжийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулж байна. Үүний өмнөхөн парламент Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Бахархлын өдрийн түүхэн хуульчлал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр байхаар албан ёсоор тогтоосон байдаг. Улмаар мөн оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү өдрийг бүх нийтээр амрах, үндэсний хэмжээний бахархлын өдөр болгон хуульчилсан түүхтэй билээ.
Их хааны мэндэлсэн ой болон Их Монгол Улсын тэгш ойд зориулан төрийн эрх барих дээд байгууллагын удирдлагууд хүндэтгэл үзүүлж буй нь үндэсний тусгаар тогтнол, төрт ёсны залгамж чанарыг илтгэсэн чухал бэлгэдэл болж байна. Эх түүхээ эрхэмлэн дээдэлж, дээдсийн үлдээсэн төрт ёсны их соёлыг өнөө цагийн хөгжлийн бодлоготой уялдуулан авч явах нь Монгол Улсын эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын оюун санааны бат бэх тулгуур болох юм.
